Friday, December 8, 2017

ЛЕКЦ №2. БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ

Байгууллагын сэтгэл зүй дэх үндсэн ойлголтын нэг нь байгууллагын бүтцийн тухай асуудал юм. Үүнээс гадна, байгууллагын удирдлагын бүтэц буюу байгууллагын бүтэц гэх ойлголт нь удирдлагын хөгжлийн үйл явцыг илэрхийлэгч тулгуур ойлголт болно.  Байгууллагын дотоодод ажил үүргийн хуваарилалт хийх, удирдах үйл явц тэрчлэн стратегийн зорилго, зорилт, чиг үүрэгтэй холбогдоно. Өөрөөр хэлбэл, бүтэц нь ажилтан нэг бүрт хамаарал бүхий удирдлагын үйл явц болно. Байгууллагын үйл ажиллагаа тодорхой тогтсон хугацаанд, чанар, үр бүтээлтэй хэрэгждэг байхын тулд бүтэц зайлшгүй шаардлагатай болдог. 
Менежментийн ухааны судлаачид бүтцийг удирдах, удирдуулах хэсгийн хооронд тогтсон хатуу хамаарлын тогтолцоо, шатлан захирах ёсонд суурилсан удирдлагын олон үе шатат холбоос (Н. И. Кабушкин), эсвэл нэгж тусгаар хэсэг бүрийг нэгтгэсэн зохион байгуулалтын тогтолцоо (В. Г. Веснин) гэхчлэн янз бүрээр тодорхойлдог. Хүний нөөцийн удирдлагын үүднээс авч үзвэл байгууллагын бүтэц гэдэг нь өмнөө тавьсан зорилго, зорилтод үр дүнтэй хүрэхийн тулд чиг үүргийн хуваарилалт хийхдээ байгууллагыг нэгэн бүхэллэг тогтолцоо хэмээн үзэж, хэвийн үйл ажиллагаа, тасралтгүй хөгжлийг нь хангах тогтвортой хамаарлын харилцаа бий болгосон байдлыг хэлнэ (З. П. Румянцев). Гэхдээ хамгийн гол нь байгууллагын дотоодод ажил үйлчилгээ, чиг үүргийн оновчтэй хуваарилалт хийсэн байх ёстой.
Байгууллагын удирдлагын бүтцэд хэлтэс нэгж, удирдлагын төвшин, хэвтээ, босоо хамаарлыг багтаан авч үздэг.
Удирдлагын хэлтэс, нэгж гэдэг нь байгууллагын аль нэг хэсгийг удирдах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжилтэн, бүтцийн хэсгийг хэлнэ. Тэрчлэн удирдлага, нэгжийн үйл ажиллагааг зохицуулах үүргийг хэрэгжүүлэх менежерүүд мөн адил удирдлагын нэгж хэлтэс буюу холбоост хамрагдана. Удирдлагын хэлтэс, нэгж хоорондын холбоо хэвтээ шинж чанартай байдаг.
Удирдлагын төвшин гэдэг нь байгууллагын удирдлагын тогтолцоонд эзлэх тухайн нэгж хэсгийн байр суурийг тодорхойлно. Удирдлагын байр суурь нь шатлан захирах горимд суурилсан босоо шинж чанартай байна. Өөрөөр хэлбэл, байгууллагын удирдлагын дээд төвшинд байх менежер нь доод шатны менежерийнхээ үйл ажиллагааг удирдан чиглүүлж байх жишээтэй.
Хэвтээ хамаарал гэдэг нь байгууллагын нэг төвшний нэгж хэсгийн хооронд тогтдог байна. Энэ бол удирдлагын хамарал юм. Харин удирдлагын өөр өөр төвшинд байх байгууллагын хэлтэс, нэгжийн дунд босоо харилцаа үүсдэг байна. Энэ бол эрх тэгш нэгж хэсгийн хоорондын харилцаа биш юм. Босоо хамаарал нь шугаман болон чиг үүргийн шинж чанартай байдаг. тэрчлэн чиг үүрэг хоорондын болон хамтын ажиллагааны шинжтэй хамаарал байдаг.
Удирдлагын бүтэц нь байгууллагын зорилго, зорилт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бас хамардаг. Хөдөлмөрийн үйл ажиллагааны чиг үүргийн хуваарилалт, удирдлагын ажилтны эрх, үүргийн төвшин зэргийг багтаана. Удирдлагын ажилтны эрх, үүрэг нь байгууллагын бодлого, үйл ажиллагаа, тэдгээрийг зохицуулсан дүрэм журмыг нийлбэр цогцыг багтаана. Удирдлагын эрх үүргийг гадаад орчны хүчин зүйл, соёлын төвшин, үнэт зүйлийн чиг баримжаа тодорхойлдог байна. Байгууллагад нэг талаас чиг үүрэг, эрх мэдэл, нөгөө талаас  соёлын төвшин, мэргэшсэн байдал хооронд нийцлийн зарчим тогтоох нь туйлын чухал байдаг.
Байгууллагын удирдлагын бүтэц үйлдвэрлэл-худалдааны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүү-эдийн засгийн бие даасан байдал, төвлөрсөн удирдлага, зэрэг онцлог шинжээс хамааран харилцан адилгүй байдаг.
Зохион байгуулалтын бүтцийн зорилго нь байгууллагын өмнөө тавьсан зорилго, зорилтод үр дүнтэй хүрэхэд орших бөгөөд стратеги зорилтод суурилсан байхыг шаарддаг байна. Зарим нэг судлаачдын зүгээс байгууллагын зохион байгуулалтын бүтцийг сонгоно гэдэг нь байгууллагын стратеги төлөвлөлттэй хамаарал бүхий асуудал гэж үздэг. Учир нь өмнөө тавьсан зорилго, зорилтдоо хэрхэн ямар үе шатыг дамжин хүрэх вэ гэдгийг тодорхойлдог байна. М. Альберт, М. Мескон, Ф. Хэдоури нарын үзсэнээр үйл ажиллагааны зохион байгуулалт чиг үүргээс тусдаа ойлголт юм. Үйл ажиллагааны зохион байгуулалт байгууллагын стратеги дээр тулгуурлах ёстой ч стратеги төлөвлөлт биш юм. Байгууллагын бүтэц түүний стратегийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх ёстой. Цаг хугацааны явцад стратеги өөрчлөгдөж болно, үүнийгээ дагаад байгууллагын бүтцэд ч өөрчлөлт ордог байна.
Байгууллагын үр дүнтэй зохион байгуулалт буюу бүтцийг бий болгодог дараах зарчмыг Францын судлаач Хэнри Файол тодорхойлсон байдаг. Үүнд:
Удирдлагын нэгдсэн байдал. Байгууллагын бүтэц, эрх мэдлийн хуваарилалт, эрх шилжүүлэх үйл явцаас үл хамааран байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгжийн бүхий үйл ажиллагааг нэг хүн бүрэн хариуцсан байх ёстой.
Эрх шилжүүлэх скаляр арга. Бүрэн хариуцлага хүлээнэ гэдэг нь зөвхөн удирдахын нэр биш бөгөөд удирдлагын шугмаар тодорхой этгээдэд эрх шилжүүлэх, хүлээлгэн үзүүлэхийг хэлнэ.
Нэгдсэн удирдлагатай байх. Байгууллагын бүх ажилтан албан хаагчид зөвхөн нэг удирдлагад захирагдах ёстой гэдэгт оршино.
Нийцлийн зарчим. Эрх шилжүүлэх үйл явц нь хариуцлагын төвшинтэй нийцэж байх ёстой. Хэрэв байгууллагын хүрээнд хэн нэгэнд эрх шилжүүлсэн бол тухайн эрхийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хариуцлага, үүргийг давхар даалгах ёстой.
Удирдлагын хэмжээ. Удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгж, хэсгийн тоо тухайн үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нийцсэн байх ёстой.
Харилцаа, холбооны тогтолцоо. Байгууллагын албан ёсны болон албан бус харилцаа холбоо байнгын дэмжигдэж байх ёстой.
Чиг баримжааны зарчим. Байгууллагын үйл ажиллагаа ямар нэгэн субьектив хүчин зүйлээс хамаарахгүй өмнөө тавьсан зорилго, зорилтын хүрээнд явагдах ёстой.
Сонгомол байх зарчим. Удирдлагын зүгээс байгууллагын үйл ажиллагаанд нийцтэй эсвэл нийцгүй мэдээллийг олж авдаг. Өөрөөр байх боломжгүй юм. Энэ зарчмын ачаар байгуулллага илүүдэл, хэрэггүй мэдээллээс хэрэгтэй, шаардлагатай мэдээллийг ялгаж авдаг байна.
Ажил, үүргийн ялгаварт байдал. Байгууллагын үйл ажиллагаа нь олон янз байдалтай бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо шинж чанарын хувьд харилцан адилгүй байна.
Байгууллагын үйл ажиллагаа стандарт, төрөлжилт дээр суурилах ёстой. Энэ зарчмыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр илүүдэл сүйтгэл гаргах, байгууллагад эрсдэлтэй нөхцөл үүсгэхээс сэргийлж чаддаг байна.
Үйл ажиллагааны хэрэгжилтэд тавих хяналт. Байгууллагын зорилго, зорилтод хэрхэн хүрч байгаа үйл явцыг шинжлэх хянах боломжийг олгодог байна. Захиргааны тодорхой хэсэг байгууллагын үйл ажиллагааны өдөр тутмын явцад хяналт тавина.
Ноогдсон ажил, үүрэгтээ бүтээлчээр хандахыг ямагт тэтгэх ёстой.
Төлөвлөлт ажил үүргийн хэрэгжилтийн өмнө ямагт байх ёстой.
Уян хатан байдал. Байгууллагын бүтэц үйл ажиллагааны хэмжээ, зорилго, зорилт, арга хэрэгсэлийн хувиралыг даган өөрчлөгддөг байх ёстой. Ингэснээр байгууллагын үйл ажиллагааны үр ашиг дээшлэх бололцоотой.
Байгууллагын бүх төвшин ажилчдын санал хүсэлтийг хүлээн авдаг байх ёстой. Байгууллагын аль ч эсгийн ямар ч ажилтан байсан дээд удирдлагадаа хүсэлт илгээх, санал нэмэрлэх эрх, бололцоогоор хангагдсан байх ёстой.
Эрх мэдэл, төвлөрсөн байдал, төвлөрлийг сааруулах үзэгдэл. Байгууллагын үүсгэн байгуулахад шаардагдах дээр дурдсан Х. Файолийн зарчим нь удирдлагын үйл ажиллагаа байгууллагын хувьд хичнээн чухал болохыг харуулсан нэг үзүүлэлт юм. Файолийн нэгэн адил менежментийн чиглэлийн мэргэжилтэнүүд ганц удирдлагад тулгуурласан байдлыг хазаарлах хэрэгтэй гэж үздэг. Удирдлагын хувьд удирдуулагчдын тоо дөрөв байх нь хамгийн нийцтэй гэж тооцогддог. Гэвч үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааны хэрэгжилтийн шинж чанар, нарийн ээдрээт нөхцөл зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр нэг удирдлагад дөрвөөс дээш тооны хүмүүс харьяалагдах явдал бас байна. Удирдлагын бүтцийг бүрдүүлэхдээ дараах зүйлийг анхаарч үзэх шаардлагатай. Үүнд:
·         Давхараажилт:
·         Албажуулсан үйл ажиллагаа:
·         Төвлөрсөн байдал:
·         Зохион байгуулалтын бүтцийн нарийн төвөгтэй шинж зэрэг орно.
Эрх, үүргийн тодорхойлолт. Байгууллагын үр ашигтай үйл ажиллагааг хангахын тулд эрх, үүргийн хуваарлалт, тэдгээрийн харилцааг нарийн, тодорхой гаргах шаардлагатай болдог. Эрх үүргийг тодорхойлох, байгууллагын хүрээнд шилжүүлэх гурван арга байдаг. Үүнээс гадна ажилтан нэг бүр ямар зүйл хийх ёстой, эдлэх эрх юу байх, бусад албан хаагчидтай хэрхэн харилцах тухайд сайтар ойлголттой байх ёстой.
Байгууллагын бүтцийн хэлбэрүүд
Байгууллагын бүтцийн шугаман, чиг үүргийн, шугаман-чиг үүргийн, матриц, хуваарилалтын болон олонлогт гэх зургаан үндсэн хэлбэр байдаг. Одоо бүгдээрээ эдгээрийг нэг бүрчлэн тодорхой авч үзэе.
Удирдлагын зохион байгуулалтын бүтцийн шугаман хэлбэр: Удирдлагын зохион байгуулалтын бүтцийн энгийн хэлбэр болно. Байгууллагын нэгж хэлтэс бүрийн удирдлага бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх нэг хүнд захирагдах бөгөөд тэр нь удирдлагын бүх чиг үүргийг өөртөө татан төвлөрүүлдэг. Шугаман удирдлага байгаа нөхцөлд хэлтэс, нэгж бүр нэг удирдлагатай байхын зэрэгцээ удирдлагын багийн сувгийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ тохиолдолд тухайн удирдлагын нэгжүүд удирдуулагч обьектийн үйл ажиллагааны үр дүнд хариуцлага хүлээдэг байна. Шугаман хэлбэртэй удирдлагын бүтцэд дээрээс доош чиглэсэн үйл ажиллагаа давамгайлах бөгөөд доодох ажилтнууд нэг удирдлагад шууд захирагдмал шинж чанартай байдаг.
Шугаман удирдлагын давуу тал:
·         Захирамжлал тодорхой нэгдсэн шинж чанартай байдаг:
·         Хэрэгжүүлэгчийн үйлдэл дээш хандсан шинжтэй:
·         Удирдлага маш энгийн:
·         Хариуцлагын механизм тодорхой:
·         Гаргах шийдвэр үр дүнтэй:
·         Нэгж хэсгүүдийн үйл ажиллагааны үр дүнд удирдлага хариуцлага хүлээдэг зэрэг болно.
Дутагдалтай тал:
·         Удирдлагад тавих хатуу шаардлага нь удирдлагын чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг шаардах тул биелүүлэхэд хүндхэн байх тохиолдол байна:
·         Шийдвэрийг төлөвлөх, боловсруулах холбоос байдаггүй:
·         Мэдэээлэл нэг чигтэй, олон талт байж чаддаггүй:
·         Нэгж хэсэг хоорондын ажлын уялдаа ойлгоход төвөгтэй:
·         Удирдлагын дээд хэсэгт эрх мэдэл хүчтэй төвлөрдөг зэрэг болно.
Байгууллагын удирдлагын зохион байгуулалтын чиг үүргийн бүтэц. Зохион байгуулалтын анхны хэлбэр учир чиг үүргин бүтцийг уламжлалт буюу сонгодог гэж нэрлэдэг. Зохион байгуулалтын чиг үүргийн бүтэц нь урьдын адил дундаж хэмжээний байгууллагуудад өргөн дэлгэр хэрэглэгдсээр байна. Өмнө дурдсан шугаман бүтцээс ялгаатай нь тодорхой төрлийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд мэргэшсэн хэлтэс нэгж гэж байдаг. Тодорхой асуудлаар тусгайлсан чиг үүргийг мэргэжилтнүүд хийж гүйцэтгэх ёстой гэсэн үзэл санаан дээр суурилдаг. Байгууллагын хувьд нэг мэргэжилтэн мэргэшсэн тусгай хэлтэс толгойлох жишээтэй. Компанийн уламжлалт чиг үүргийн хэлтэст үйлдвэрлэл, маркетинг, санхүүгийн хэлтэсийг хамааруулан ойлгож болох байна. Гэхдээ ийм тусгайлсан хэлтэс байгууллагын үйл ажиллагаа, түүний чиглэлээс хамааран харилцан адилгүй байж болдог. Ялангуяа ийм байдал үйлчилгээ салбарын байгууллагад хүчтэй мэдрэгддэг. Хэрэв байгууллага юм уу тухайн хэлтэс хэтэрхий том бол үндсэн чиг үүргийн хэлтэсүүд нь жижиг чиг үүргийн хэлтэсүүдэд хуваагдах явдал байна. Тэдгээрийг хоёрдогч буюу үйлдвэрлэлийн хэлтэс гэж нэрлэдэг. Мэргэшсэн байдлыг үр дүнтэй ашиглахын тулд удирдлагын зүгээс дарамт үзүүлэхгүй байх ёстой гэсэн үзэл санаан дээр суурилдаг. Гэхдээ тухайн хэлтэс байгууллагын зорилтоос дээгүүрт өөрийн зорилгыг гаргаж ирэхгүй байх ёстой. Хоёрдогч хэлтэс, нэгжийн үзэл санаа бүх байгууллагад байж л байдаг.  
Давуу тал:
·         Тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн ажилтны мэдлэг чадварыг өргөнөөр ашигладаг: Мэргэшиж төрөлжих замаар дээд зэргийн үр ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн:
·         Байгууллагын хүрээний зарим нэг асуудлыг шийдвэрлэх үйл явцаас шугаман менежерүүдийг чөлөөлсөн:
·         Мэргэжилтнүүдийг удирдан чиглүүлэх хэрэгцээ харьцангуй багатай зэрэг болно:
Дутагдалтай тал:
·         Байгууллагын асуудлын хөндөхдөө өөрийн хэлтэс, нэгжийн эрх ашгийг чухалчилдаг:
·         Хэлтэс, нэгжүүдийн хооронд тогтвортой харилцаа холбоо тогтооход хүндрэлтэй:
·         Хэтэрхий төвлөрсөн байдал үүсдэг:
·         Шийдвэр гаргах үйл явц удаан:
·         Хэлтэс, нэгжүүдийн хооронд зөрчилдөөн үүсэх өндөр эрсдэлтэй зэрэг болно:
Байгууллагын удирдлагын шугаман-чиг үүргийн бүтэц: Түүхэн талаас авч үзвэл фабрикийн хэлбэр зонхилох болсон үед үүссэн. Ийм бүтцэд удирдлагыг тодорхой хамтлагийг толгойлсон шугаман удирдлагууд хэрэгжүүлдэг. Харин асуудал боловсруулах, шийдвэр гаргах, төлөвлөгөө зохиох зэргийг чиг үүргийн хэлтэс нэгжээс бүрдсэн тусгай бүтэц хариуцан ажилладаг. Энэ тохиолдолд чиг үүргийн бүтцийн нэгж, хэлтэс нь шугаман удирдлагын захиргаанд оршино. Харин тэд өөрийн шийдвэрийг эсвэл ерөнхий удирдлагаар, эсвэл өөрийн нэгжийн удирдлагаар дамжуулан хэрэгжүүлэхийг оролддог.
Ийнхүү шугаман-чиг үүргийн бүтэц нь хоёрдмал шинжийг өөртөө агуулдаг байна. XX зууны 20-оод оныг хүртэл энэ бүтэц оршин байсан.
Давуу тал:
·         Мэргэшсэн байдалтай холбоотойгоор төлөвлөлт, шийдвэр боловсруулалтыг хүчтэй хийдэг:
·         Асуудлын нарийн шинжилгээнээс ерөнхий шугаман менежерийг холдуулдаг:
·         Зөвлөх, экспертүүдийг татан оролцуулах бололцоотой:
Дутагдалтай тал:
·         Хэвтээ төвшинд үйлдвэрлэлийн хэлтэс, нэгжийн хооронд харилцаа холбоо сул байдаг:
·         Шийдвэрийг гаргахад хатуу оролцоо үгүй учир хариуцлага тооцож чаддаггүй:
·         Хэтэрхий босоо удирдлагын тогтолцоотой:
·         Босоо удирдлагын тогтолцоо нь үр ашигтай хэвтээ тогтолцоо бий болоход тээг болдог зэрэг болно:
Удирдлагын зохион байгуулалтын матрицан бүтэц: Матрицан байгууллагын бүтцийг XX зууны 50, 60-аад оны үед  хэрэглэж эхэлсэн. «Женерал Электрик», «Ти Ар Дабл Ю», «Доу Кемикал», «Шелл Ойл» зэрэг пүүсүүд өмнө өгүүлсэн шугаман болон чиг үүргийн бүтцийн ололттой талыг шинэ зүйлтэй хослуулан хэрэглэх туршилтууд хийж эхэлсэн. Өмнөх загваруудаас давуу тал нь мэргэжилтэн болон удирдлагын шинэ санаачлага, бүтээлч байдлыг дээд зэргээр хөхиүлэн дэмждэгт оршино.
Давуу тал:
·         Байгууллагын хувьсан өөрчлөгдөж буй гадаад, дотоод орчинд маш хурдан дасан зохицох бололцоотой байдаг:
·         Боловсон хүчнээ нийцтэйгээр ашиглахыг зорьдог:
·         Ажлын зорилго, зорилтод хатуу хяналт тогтоодог:
·         Эрх үүргийг хуваарилах замаар удирдлагад хэт ачаалал ирэхээс сэргийлж чаддаг:
·         Байгууллага нэгж, хэсэг бүрт оногдох шугаман хариуцлагыг нэмэгдүүлж өгдөг:
Дутагдалтай тал:
·         Нарийн ээдрээтэй харилцаа холбоо үүсдэг:
·         Эрх мэдлийн төлөөх тэмцэл хүчтэй явагддаг:
·         Дур зоргоор аашлах явдал хүчтэй:
·         Ажил, үйлчилгээг хийхэд шаардагдах мэдлэг чадвар олж авахад хэцүү зэрэг болно.
Удирдлагын зохион байгуулалтын хуваарилалтын бүтэц:  Анхлан XX зууны 20-оод оны сүүл үеэр «Женерал Моторс» үйлдвэрт хэрэглэсэн. Хуваарилалтын бүтэц нь эцсийн үр дүнд суурилсан хэлтэсжүүлэх хөдөлгөөний үр дүнд үүссэн. Хувийн хэвшлийн зэрэгцээ улсын салбарын байгууллагуудад уг бүтцийг өргөнөөр ашиглаж байна.
Зохион байгуулалтын олонлогт бүтэц: Удирдлагын олон үе шатат бүтэц нь үүний тодорхой жишээ юм. Дээр дурдсан бүтцээс гадна удирдлагын төсөлт бүтэц гэж байдаг. Тодорхой нэг төсөлт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулагдсан бүтэц юм. Төсөлт бүтцийг дотор нь цэвэр болон түр зуурын төсөлт бүтэц хэмээн ангилдаг. Техник технологи хурдацтай хөгжиж, хувьсал өөрчлөлт түрэгсч буй өнөө үед байгууллагын бүтцэд ч өөрчлөлт орох болсон. Ийм цаг үеийн байгууллагыг эдхоратик байгууллага гэх болжээ. Тогтсон бүтэц байхгүй, орчиндоо нийцүүлж үйл ажиллагааны чиглэл, хүрээг өөрчлөх байгууллагыг хэлнэ. Ийм байгууллага ажилтны мэдлэг, чадварыг чухалчилдаг байна. О.С. Виханский, А.И. Наумов нар эдхократи гэдгийг удирдлагын хэв маяг, зохион байгуулалтын дизайн гэж үзсэн байдаг. Америкийн цахим сүлжээний «Хьюлетт Паккард» байгуулага эдхократи үзлийг хөгжүүлж, XX зууны 40-өөд оны үед амьдралд  нэвтрүүлэхийг оролдох болжээ.
Сүүлийн жилүүдэд менежментийн сурах бичгүүдэд байгууллагын олон хэмжээст бүтцийн тухай дурдах болжээ. Уг ойлголтыг У. Гоггин 1974 онд «Доу Корнинг» бүтцийг тодорхойлохдоо анх ашигласан байна. Судлаач Р. Акофф «Ирээдүйн корпорацийн төлөвлөлт» номондоо олон хэмжээст байгууллагын бүтцийн өөр хэлбэрийг тодорхойлсон байна. Олон хэмжээст байгууллагад хэлтэс, нэгж бүр нь байгууллагын нэгэн адил бүтэцтэй байна. Олон хэмжээст бүтцийг ямар ч байгууллага ашиглах, хэрэглэхэд тохиромжтой. Хэлтэс, нэгжийн хэмжээ жижиг байх тусмаа удирдлагын үүрэг өндөр байдаг.
Байгууллагын бүтцэд нөлөөлөгч хүчин зүйл
Байгууллагын бүтцэд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээрээс дурдвал дараахь байдалтай байна. Үүнд:
·         Байгууллагын үйл ажиллагааны төрөл, байгууллагын хэмжээ:
·         Байгууллагын газар зүйн орчин:
·         Техник технологи:
·         Байгууллагын дотоод дахь удирдлага, ажилтны хоорондын харилцаа:
·         Гадаад орчны өрнөл:
·         Байгууллагын хэрэгжүүлэх стратеги зэрэг болно (Реньш, 2009, хуудсд. 22-48).

Эх сурвалж


Реньш, М. (2009). Организационная психология: Учебное пособие. Екатеринбург: Изд-во ГОУ ВПО «Рос. гос. проф.-пед. ун-т».

No comments:

Post a Comment