Monday, November 27, 2017

ЛЕКЦ №4. БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ

Өнөөгийн сурах бичиг, ном зохиолуудад байгууллагын сэтгэл зүйн судлах зүйлийг хэд хэдэн асуудлаар тодорхойлсон байх бөгөөд эдгээр дотор байгууллагын зан үйл, байгууллагын эрх мэдэл (А. Н. Занковский), байгууллагын орчин (Т. Ю. Базаров), байгууллагын харилцаа холбоо (А. В. Штроо),  байгууллагын соёл (М. А. Реньш)  багтдаг байна. Үүнээс гадна, өөр нэг асуудлыг авч үздэг нь байгууллагын хөгжил юм. 
Нэгэн судлаачийн үзсэнээр байгууллага нь хөгжлийн жам ёсны мөчлөгт захирагдаж, чанарын болон тоон талаасаа өөрчлөлтөд орохын зэрэгцээ хөгжлийн өөрийн гэсэн зүй тогтол, обьектив учир шалтгаанд тулгуурладаг байна. Гэвч байгууллагын менежерийн үйл ажиллагааны үнэлэмжид суурилсан үндэс, бие хүний онцлогтой холбоотойгоор зохион байгуулалтын үйл явцын удирдлагын асуудалд туйлын бага анхаарал хандуулах болсон.
Өөр нэг судлаачийг байр суурийг тольдвол байгууллага гэдэг нь нийгмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх менежерийн ухамсарт үйл ажиллагааны үр дүн аж. Гэхдээ энд хэд хэдэн онцлог санаа гарч байна. Үүнд:
·     Байгууллагын хөгжил – байгууллагын үйл ажиллагааны нөхцөл, аргыг өөрчлөх замаар ухамсартай, зорилготой, эрс өөрчлөлт хийх үйл явц мөн:
·         Байгууллагын өөрчлөлт ямагт эерэг хандлагатай байх бөгөөд энэхүү эерэг хандлагыг ямар нэгэн обьектив хэмжүүрт тулгуурлан гаргадаггүй. Өөрчлөлт ердөө л утга санааны хувьд эерэг хандлага баримжаалж байх ёстой.
·         Байгууллагын социал тогтолцооны төлөвшил өнгөрсөн үе дээр тулгуурлах ёсгүй бөгөөд “хүний уураг тархины мэргэжилтэн” гэгдэх мэргэжилтнүүд түүний ирээдүйн дүр төрхийг чөлөөтэй төсөөлж төлөвлөдөг байх учиртай.
·         Хөгжил дотоод учир шалтгааны хамааралд үл захирагдах бөгөөд гаднаас, гэнэт үүсэх шинжтэй үйл явц байдаг.
·         Хүн, нийгмийн хүй элгэн – гадаад орчин, тоглоомын дүрмийн өөрчлөлтөд дасан зохицох хязгааргүй чадвар бүхий хуванцар материал юм. Тоглоомын дүрэм, гадаад орчны өөрчлөлт нь байгууллагын өөрчлөлтийн үндсэн нөхцөл болдог.
·         Хүн, хүй элгэн гадаад орчны өөрчлөлтийг асар богино хугацаанд үнэлэн хариу үйлдэл үзүүлж өөрийн гэсэн нийцтэй харилцаа, үйлдлийн дүр урлах чадвартай байх ёстой.
·         Байгууллага гэдэг нь нэгдсэн зорилгын төлөө хамтран ажиллаж, нэгдмэл зохион байгуулалтын үнэлэмж бий болгохыг эрмэлзсэн хүмүүс буюу хүмүүсийн хамтлаг юм.
Гадны ном зохиолуудад нэгдмэл тогтолцоо болох байгууллагын хөгжил, өөрчлөлтийн түгээмэл зүй тогтолыг нээн илэрүүлэхийг оролдсон багагүй тооны судалгаа байдаг. Нийтгэн өгүүлбэл нийтдээ арав орчим байгууллагын хөгжлийн загвар байна.  Эдгээр загвар бүрт байгууллагын амьдралын мөчлөг, хөгжлийн бүтээлч орчин, үе шат, эх сурвалжийн тухай өгүүлсэн байдаг. А. Даунс, Г. Липпитт, У. Шмидт, Б. Скотт, Ф. Линдэн, Р. Куинн, К. Камерон нарын загварт байгууллагын хөгжил зохион байгуулалтын хувьд өөр өөр байж болох ч хэрэгжих үе шатын хувьд ижил байдаг гэжээ. Үүний зэрэгцээ, байгууллагын хөгжлийн ерөнхий загвар гаргахад нэлээд хүндрэлтэй байдаг. Үүнд:
·         Хөгжлийн үе шат бүрт зарцуулах цаг хугацаа харилцан адилгүй байдаг:
·   Байгууллагын өнөөгийн төлвийг судлахдаа өнгөрсөн үеийн хөгжлийн үйл явцыг авч үзэх шаардлагатай болдог:
·         Үе шат бүхэн, тухайлбал, үүсч бий болох үе байгууллага болгонд харилцан адилгүй байдаг:
·         Судалгаанд зориулагдсан мэдээлэл нууцлагдмал байдаг:
·         Гадаад, дотоод мэдээлэл үнэн бодит байдлаас гажих, авцалдахгүй байх явдал байна:
·         Байгууллагын нэгдэл нягтрал, гадаад орчинтой тогтоосон харилцаа холбоо зэрэг болно.

Гэвч нийтлэг шинж чанар дээр нь тулгуурлан байгууллагын хөгжлийг мэндлэх, өсч хөгжих, нас бие гүйцэх, тогтворжих, цэцэглэх, унаж доройтох гэсэн таван үндсэн үе шатад авч үзэж болох байна. Эдгээр үе шат бүхэнд байгууллагын үйл явцад дахин давтагдашгүй нэгэн мөн чанарыг бий болж, бүтэц, стратеги, тактикийн шинэ орчинг үүсгэдэг. Профессор Е. Моргунов байгууллагын хөгжлийн загварыг шинжилж үзээд нэг үе шатаас нөгөөд шилжихэд дээд удирдлагын хүсэл зоригоос үл хамаарсан өөрчлөлт үүсдэг гэдгийг онцолжээ. Байгууллагын хөгжил гэж юуг хэлэх, хэрхэн үзэх тухайд судлаачдын дунд өнөөдрийг хүртэл нэгдсэн байр суурь төлөвшиж чадаагүй байна. Иерусалим дахь Еврей их сургуулийн профессор Ицхак Калдерон Адизес байгууллагын хөгжлийг бусад тогтолцооны нэгэн адил мөчлөгийн шинжтэй гэж үзжээ. Уян хатан байх, хянагддаг байх гэсэн хоёр хэмжүүрийг дараах арван үе шатад ангилан авч үзсэн байна. Үүнд:
·         Санаа мэндлэх үе: Энэ үе шатанд бизнес үйл ажиллагаа эхлүүлэх санаа үүснэ. Байгууллагыг үндэслэгч өөрийн санааг дэмжигч хүрээллийг бий болгож, амьдралд хэрэгжүүлж эхэлнэ:
·         Нярай үе: Энэ үе шатанд эрх, үүрэг нарийн хуваарилалт байхгүй, уян хатан, сул бүтэц бий болно. Нөөц харьцангуй багатай байна. Шийдвэр бүр шинэ байх болно. Ихэвчлэн эцсийн хэрэглэгчийн хэрэгцээг хангах замаар үйлдвэрлэлийн таатай үр дүн олж авахыг эрмэлзэнэ:
·         Өсвөр үе: Энэ үед арилжааны өсөлт, идэхтэй өсөлт, эрчимтэй хөгжил бий болно. Пүүсийн үйл ажиллагаа бүтээмж баримжаалж, ажилтны тоо нэмэгдэхийн хэрээр ашгийн тухай төсөөлөл үүснэ. Энэ үндсэн дээр пүүсийн ирээдүйн тухай хүмүүсийн төсөөлөл бүрдэнэ. Ингэхдээ пүүст албан ёсны бүтэц, нарийн тогтоосон чиг үүргийн хуваарилалт хийгдэхгүй хэвээр байна:
·         Идэр үе: Үйл ажиллагааны хэмжээ, цараа урьд байгаагүй эрчимтэйгээр өсөн нэмэгдэж, удирдлагын зүгээс тодорхой чиг үүрэг бүхий бүтэц бий болгохгүй бол болохгүй гэдгийг ухамсарлаж эхэлнэ. Пүүс үйл ажиллагааны нарийн зохион байгуулалтад орж, үйл ажиллагааны төлөвлөлтийг мэргэшсэн менежерүүд эрхлэх болно. Удирдлагын хүрээнд шинэ стандарт нэвтрүүлэхийг эрмэлзэгчид болон хуучны арга барилаа хамгаалагчдын дунд зөрчилдөөн бий болно:
·         Цэцэглэлтийн үе шат: Удирдлагад суурилсан хатуу зохион байгуулалтын бүтэц бүхий байгууллага аажмаар өсөн хөгжиж, бүтэц нь нарийсч шинэ алба тасгууд нэмэгдэнэ. Удирдлагын үндсэн анхаарал маркетинг, стратеги, төлөвлөх үйл явцад төвлөрнө:
·         Тогтворжилтийн үе: Эрчимтэй өсөлт сөөрч, бараа, бүтээгдэхүүний арилжаалах үйл явц уналтын байдалд орно. Пүүс шинэ зах зээл олж авахыг эрмэлзэхгүй, өндөр хэмжээний эрсдэлтэй холбоотойгоор өргөн хүрээтэй төсөл хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрнэ. Пүүс өөрчлөлтийг хүлээн авах, угтан дэлгэрүүлэх мэдрэмжээ алдаж зарим талаар зогсонги байдалд орно. Удирдлагын анхаарал удирдлагын бүтцийн үйл ажиллагаа, тогтвортой байдал, хүн хоорондын харилцаанд чиглэгдэх болно:
·         Язгууртанлаг шинж давамгайлах үе: Энэ үед байгууллагын хүрээнд удирдлагаа зусардах байдал газар авна. Ашгийн хэмжээ тогтворжиж, зөвлөх талдаа татах, шинэ санаа, төсөл худалдан авах чиглэгдсэн үйл ажиллагаа эрчимжинэ. Өөрийн дүр төрх, шинэ соёлоо бий болгож, албан ёсны дүрэм, зан үйл, уламжлал, бэлгэ тэмдэгийн бүхэл бүтэн тогтолцоо бүрдэнэ:
·         Бюрократи байдал үүсвэрлэх үе: Албан ёсны бүтцийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй олон ээдрээтэй асуудалтай нүүр тулна. Бүтцээ өөрчлөхгүйгээр хэлтэс нэгжийн удирдлагаа өөрчлөх, ажилтан албан хаагчдаа цомхотгох байдал газар авна. Дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудалд хэт төвлөрч ажилласанаар  пүүс эцсийн хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангах байдлаар алсарч холдоно:
·         Бюрократи төлөвших үе: Байгууллага бүрэн хаагдмал шинж чанартай болж, шийдвэрлэгдэж чадаагүй дотоод асуудлаа дүрэм журмаар зохицуулахыг эрмэлзэнэ. Зохион байгуулалтын бүтэц хэт данхайж, эцсийн хэрэглэгч баримжаалсан байдал алдагдана. Удирдлага, ажилтан үйл ажиллагааны хэрэгжилт, хяналтад голлон анхаарна. Шинэ санал санаачлага устаж, шинэ төслүүд унаж, үр ашиг доошилно:
·         Уналт доройтлын үе: Хэрэглэгчид баримжаалсан байдал арилж эхэлснээр үйлчлүүлэгчид өрсөлдөгчдийг сонгох байдалд шилжинэ. Үйл ажиллагааны цар хүрээ унаж хөөсөн бөмбөлөг үүснэ. Хэт данхайсан том пүүсүүд өрийн сүлжээнд орж, уналт доройтол ердөө цаг хугацааны асуудал болж хувирна. Салбартаа монопол болсон, эсвэл төрийн дэмжлэг байгаа тохиолдолд пүүс төгсгөл хүртэл бюрократи үзэгдэл тэлсээр байх болно гэжээ.
Их Британы нээлттэй их сургуулийн профессор Иван Семеков байгууллагын хөгжлийг найман үе шатад ангилан авч үзсэн байна. Хэдийгээр байгууллага өсч хөгжих боловч эцсийн үр дүн нь дампууралд тэмүүлдэг гэдгийг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Дампуурлаас байгууллагыг ангид байлгах хэд хэдэн зүйл байдаг. Эдгээрт:
·         Шинэ санаа:
·         Техник технологийн дэвшил:
·         Хөрөнгө:

·         Хүн хүчний нөөц болно. 

No comments:

Post a Comment