Monday, November 20, 2017

ЛЕКЦ №1. БАЙГУУЛЛАГЫН СЭТГЭЛ ЗҮЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, СУДЛАХ ЗҮЙЛ, БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Байгууллагын сэтгэл зүй гэдэг нь байгууллагын ажилтнуудын сэтгэл зүйн уур амьсгал, хувь хүний хөгжил, хөдөлмөрийн аятай нөхцөлийг бий болгох зорилгоор байгууллага дахь хүмүүсийн үйл байдал, сэтгэцийн үйл ажиллагааг бүхий л талаар судлах сэтгэл судлалын шинжлэх ухааны салбар мэдлэг болно.
Бие даасан шинжлэх ухааны мэдлэгийн төрөл болохын хувьд байгууллагын сэтгэл зүйн үүсэл XX зууны эхэн үед хамаарна хэмээн үзэж болох юм. Харвардын их сургуулийн профессор Хуго Мюнстенберг 1913 онд «Үйлдвэрлэлийн үр ашиг ба сэтгэл зүй» нэрт бүтээл гаргаж, түүндээ ажилтныг сонгон шалгаруулах, тусгай чадварыг сориход тэрчлэн техникийн аюулгүй байдлыг хангахад сэтгэл зүйн сорилго зайлшгүй шаардлагатай гэсэн санаа дэвшүүлсэн нь энэ шинжлэх ухааны мэдлэгийн хөгжилд суурь нөлөөлөл болж өгсөн байна. Улмаар энэ нь байгууллагын дотоод орчин, үйлдвэрлэлийн үйл явцад хэрхэн нөлөөлөх тухайд анхны чамбай судалгаа болсон гэж үнэлэгддэг. Ажилчдыг хэт ачаалалтай ажилуулсанаар үйл ажиллагааны өндөр үр дүнд хүрч чадахгүй бөгөөд харин ч хөдөлмөрийн бүтээмж буурах муу талтай. Үүний оронд хөдөлмөрийн зохион байгуулалтын шинжлэх ухаанч арга барилыг нэвтрүүлэх нь ажилчдыг дээд зэргийн үр дүнтэй ажилуулах гэсэн хэрэгцээ шаардлагад тустай гэж үзжээ. Нийт гурван бүлгээс бүрдэх дээрх зохиол хэдийгээр менежментийн шинжлэх ухаанч дэг сургуулийн хүрээнд бичигдсэн боловч байгууллагын сэтгэл зүй гэх мэдлэгийн бие даасан төрөл үүсэхэд үлэмжхэн нөлөөлөл болжээ.
Хэдийгээр Мюнстенберг үндэслэсэн гэж үздэг боловч Америкийн инженер, эдийн засагч Фридрих У. Тэйлор, түүний хөгжүүлсэн шинжлэх ухаанч удирдлагын сургууль байгууллагын сэтгэл зүйн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Тэйлор аж үйлдвэр дэх хөдөлмөрийн үйл ажиллагааны мэдлэгийг анхлан системчлэх оролдлого хийсэн байна. 1885 онд хоёр үйлдвэрт туршилтийн судалгаа хийжээ. Үр дүнд нь ажлын байран дахь хөдөлмөрийн бүтээмжийг өндөр байлгахын тулд тухайн ажлыг хийхэд шаардлагатай чадвар эзэмшсэн эсвэл ур дүйтэй хүнийг сонгон шалгаруулж авдаг байх хэрэгтэй гэсэн дүгнэлт гарчээ. Тэйлор ажилтан, удирдлагын хамтын ажиллагаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгсөн байна. Ажилтны үйл ажиллагааг төлөвлөх, хянах нь менежер хүний үүрэг бөгөөд энэ ч утгаараа менежер хүн хариуцлагатай байх ёстой. Үүний зэрэгцээ, тодорхой чиглэл, хүрээгээр ажилтны үйл ажиллагаа мэргэшсэн байх нь үйлдвэрлэлийн төвшинд амжилт олохын үндэс болохыг нотолсон байна. 1911 онд түүний нийтлүүлсэн “Шинжлэх ухаанч удирдлагын зарчмууд” номд энэ талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
Лилиан Гилбрэт биеийн хөдөлмөрийн үр ашгийг дээшлүүлэх, хэмжих, тодорхойлох асуудлыг цаг хугацааны алдагдлыг багасгах, илүүдэл хөдөлгөөнийг үгүй хийх замаар хангах бололцоотой гэдгийг онцолсон. Менежерүүдийн үйл ажиллагааг судлах явцдаа дор дурдсан гурван хэв шинжийн менежер байж болохыг дурдсан. Үүнд:
·         Менежерийн уламжлалт хэв шинж:
·         Менежерийн шилжилтийн хэв шинж:
·         Менежерийн шинжлэх ухаанч хэв шинж болно.
Хагас зуун жилийн туршид байгууллагын сэтгэл зүйн судалгаа Л. Гилбрэт, В. Мур, Ф. Тэйлор тэргүүтэй судлаачдын бүтээлээр дамжин хөгжлийн төрхөө олсон байна. 1973 онд Америкийн Сэтгэл Судлалын Холбоо байгууллагын асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн шинжлэх ухаанч, мэргэшсэн, боловсролын үйл ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий 14 дахь салбар буюу Аж Үйлдвэрийн Сэтгэл Зүйчдийн Нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ. Ингэснээр байгууллагын сэтгэл зүй шинжлэх ухааны мэдлэг болохын хувьд бодит утгаараа хэлбэржин тогтсон байна. Гэхдээ өнгөрсөн зууны 80-аад оноос эрчимтэйгээр хөгжих болсон юм.
Байгууллагын сэтгэл зүйн үндсэн ойлголтын нэг нь байгууллага юм. Байгууллага гэж юуг хэлэх вэ?
Байгууллагын талаар судлаачдын дунд өнөөдрийг хүртэл нэгдсэн ойлголт төлөвшиж чадаагүй байна. Гэхдээ нийтлэг шинж дээр нь тулгуурлан дараах байдлаар тодорхойлж болох байна.
Байгууллага гэдэг нь тодорхой дүрэм журам, зарчимд тулгуурлан нэг зорилгын төлөө хамтран ажиллах хүмүүсийн нэгдэл, нийгмийн тогтолцооны хэсэг мөн.
Байгууллага дараах нийтлэг шинжийг өөртөө агуулдаг. Үүнд:
·         Оршин тогтнох, хөгжих зорилго бүхий, дотоод бүтэц, онцгой соёлтой байх:
·         Гадаад орчинтойгоо байнгын харилцаанд орших:
·         Хүн хүч, байгалийн болон материаллаг нөөцийг үр дүнтэй ашигладаг байх зэрэг болно.
Профессор Майкл А. Месконы үзсэнээр, хүмүүсийн тодорхой хамтлаг өөрийгөө байгууллага гэж тооцохын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Эдгээрт:
·         Өөрийгөө тухайн хамтлагийн нэг бүрэлдэхүүн хэсэг үзэх хоёр болон түүнээс дээш гишүүн байх:
·         Тухайн хамтлагийн бүх гишүүдэд нийтлэг нэгдсэн нэг зорилго байх:
·         Хамтаар нэгдсэн зорилгод хүрж чадахуйц хангалттай тооны гишүүдтэй байх зэрэг болно.
Дээрх шаардлагыг хангасан байгууллагыг дор дурдсанаар ангилж болно. Үүнд:
·         Албан ёсны
·         Албан ёсны бус гэж ангилна.
Байгууллага гэж юу болох, хүмүүсийн хамтын ажиллагааны уг хэлбэрийн тухай ямар ямар онолын үзэл баримтлалууд байдаг, тэдгээрийг хүний мэдлэгийн ямар хүрээнд судалдаг болох, байгууллагын тухай асуудал байгууллагын сэтгэл зүйтэй хэрхэн ямар арга замаар холбогддог гэх мэт онол, арга зүйн томоохон асуудлыг авч үзэх болно.
Байгууллагын сэтгэл зүйн зорилго нь аливаа аж хуйн нэгж, байгууллага, пүүс, компанийн үйл ажиллагааны үр дүнгээр тодорхойлогдох хөдөлмөрийн бүтээмж, ашигт байдлыг туурвих үйл ажиллагаа мөн бөгөөд эдийн засгийн үр дүнтэй арга хэрэгсэл, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, удирдлагын шинэлэг арга хэрэгсэл зэрэгт тулгуурлан дээрх зорилгыг хангах боломжтой байдаг.
Байгууллага, түүний хөгжил, өөрчлөлт, ерөнхий зүй тогтол, үйл ажиллагааны түгээмэл зарчмуудыг судлах мэдлэгийн салбарыг байгууллагын онол гэж нэрлэдэг. Гэхдээ байгууллагын онол нь сэтгэл судлал, социологи, философи, эдийн засгийн ухаан, менежмент, хууль цаазын ухааны уулзвар зааг дээр XX зуунд бий болсон. Өөрөөр хэлбэл байгууллагын тухай асуудлыг дан ганц байгууллагын сэтгэл зүй судалдаггүй гэсэн үг юм.
Тэгвэл байгууллагын сэтгэл зүй байгууллагын ямар шинжийг голчлон судалдаг вэ?
Энэ асуултад хариулт олох нь байгууллагын сэтгэл зүй хичээлийн энэ удаагийн лекцид чиглүүр болж өгөх учир онол, арга зүйн нэлээд ач холбогдолтой гэж үзэж байна. Асуултад хялбар байдлаар тайлал өгөхийн тулд дараах хүснэгтийг хавсаргав.
Шинжлэх Ухааны мэдлэгийн төрлүүд
Судлах зүйл

1
Байгууллагын онол
Байгууллагын мөн чанар, хэв шинж, зорилго, үүрэг, орчин, бүтэц, харилцаа холбоо, үйл ажиллагааны арга хэрэгсэл, орчиндоо дасан зохицох үйл ажиллагаа, төлөвлөлт, байгууллагын хөгжил, өөрчлөлт

2
Менежмент буюу удирдахуйн ухаан
Байгууллага дахь удирдлагын обьект, субьект, байгууллагын ажилчдын хөдөлмөрлөх үйл ажиллагааны сэдэлжүүлэлт, урамшуулан тэтгэх үйл ажиллагаа, байгууллагын дотоодод шийдвэр боловсруулах, гарах үйл явц, байгууллагын удирдлагын төлөв байдал, тэдгээрийг мэргэшүүлж сургах үйл ажиллагаа, шугаман  болон чиг үүргийн удирдлага

3
Байгууллагын сэтгэл зүй
Байгууллагын доторх ажилчдын сургалт, мэргэшүүлэх үйл ажиллагаа, ажилчдын үйлдлийг үнэлж цэгнэх үйл ажиллагаа, хөдөлмөрийн үйл ажиллагааг хэрхэн сэдэлжүүлэх тухай асуудал, ажлын байрнаас авах сэтгэл ханамж, ажилчдын баялаг бүтээх үйл ажиллагаанд хандах сэтгэлгээний чиг, ажлын байран дахь үйл байдлын хэлбэрүүд

4
Социологи
Хөдөлмөрийн хамт олны хөгжил, өөрчлөлт, хөдөлмөрийн үйл ажиллагааг зохицуулж буй хэм хэмжээ, ажилчдын ажлын байран дах чиг үүргийн хуваарилалт, эрх мэдэл, ажлын байран дахь зөрчил, бюрократи, байгууллагын соёл, нийгэмшилт
5
Нийгмийн сэтгэл судлал
Ажлын байран дах ажилчдын зан байдал, байр суурийн өөрчлөлт, хөдөлмөрийн хамт олны доторх үйл явц
6
Хүн судлал
Үнэлэмж, хэм хэмжээ, байр суурь, ёс зүйн онцлогуудыг харьцуулан судлах
7
Эдийн засгийн ухаан
Зохицуулалт, зах зээлийн харилцаа, үр дүн, бүтээмж, эдийн засгийн стратеги
8
Хууль цаазын ухаан
Байгууллагын доторх үйл ажиллагааг зохицуулах хэм хэмжээ, стандарт, дүрэм журам, хариуцлага, эрхийг судлах
9
Мэдээлэл харилцааны ухаан
Байгууллагын доторх мэдээллийн урсгал, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийн нөөц бүрдүүлэлт, мэдээллийн технологи, телекоммуникаци
Эх сурвалж: Л. М. Арутюнова, Е. В. Пирогова. (2007). Теория организации: Учебное пособие,Ульяновск: УлГТУ, стр.8.
Энэ хүснэгтээс харахад байгууллагын сэтгэл зүй нь байгууллага, байгууллагын доторх ажилчдыг сургалт, мэргэшүүлэх үйл явц, ажилчдын үйлдлийг үнэлж цэгнэх үйл ажиллагаа, хөдөлмөрийн үйл ажиллагааг хэрхэн сэдэлжүүлэх тухай асуудал, ажлын байрнаас авах сэтгэл ханамж, ажилчдын баялаг бүтээх үйл ажиллагаанд хандах сэтгэлгээний чиг, ажлын байран дахь үйл байдлын хэлбэрүүдийн тухайд дагнан судалгаа хийдэг, практик зөвлөмж боловсруулдаг мэдлэгийн төрөл болохыг төвөггүй ойлгож болохоор байна.
Байгууллага гэдэг нь бүтээх, босгох гэсэн утгатай латин үгний бүтээвэр мөн. Байгууллагын сэтгэл зүйн судлах зүйл нь хүмүүсийн хамтын үйл ажиллагааны бодит илрэл болсон байгууллагын хөгжил, түүний түгээмэл зарчим, зүй тогтлыг сэтгэл зүйн талаас нь шүтэлцүүлэн судлахад оршино. Харин байгууллагын сэтгэл зүйн обьект нь байгууллага, түүний сэтгэл зүйн орчны тухай ойлголт болно.
Судалгааны обьект болохын хувьд байгууллагыг тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх нийгмийн бүтцийн нэг хэсэг буюу элемент болсон хүмүүсийн зохиомол нэгдэл мөн гэж үздэг.
Сэтгэл зүйн үйл явц болохын хувьд байгууллагыг бүхэл нэгэн тогтолцооны харилцан уялдааг хангах зорилгоор бий болсон хүмүүс хоорондын сэтгэл зүйн онцгой орчин мөн гэдэг.
Харин үйлдэл ба нөлөөлөл болохын хувьд байгууллага гэдэг нь ямар нэгэн обьектын үйл ажиллагаа, үйлдлийг дэг журам, эмх цэгцэд оруулах үйл явц  юм.
Байгууллагын асуудлыг шинжлэх ухааны төвшинд хөгжүүлсэн хүн бол Америкийн нэртэй эрдэмтэн Питэр Фэрдинанд Драйкэр (Peter Ferdinand Drucker, 1946, 1954) билээ. Байгууллага, түүний хөгжил, өөрчлөлтийн талаарх судалгаанд дараах онол, үзэл баримтлалуудыг бий болсон байна. Үүнд:
·         Байгууллагын сонгодог онол:
·         Байгууллагын сонгодог бус онол:
·         Байгууллагын системийн онол:
·         Байгууллагын нөхцөл байдлын онол:
·         Байгууллагын неомодернист онол.
БАЙГУУЛЛАГЫН СОНГОДОГ ОНОЛ
Байгууллагын сонгодог онол нь байгууллагын бодит хүчин зүйл, байгууллагын дотоод дахь албан ёсны харилцаа, байгууллагын тогтвортой алсын хараа, удирдлагын технологи, гадаад орчинд голлон анхаардаг.
Гол төлөөлөгчид нь Ф. У. Тэйлор, Ф. Гилбрэт, Л. Гилбрэт, Х. Л. Хант, Г. Эмерсон, М. Л. Кук, А. Файоль, Ж. Д. Лизнэй, А. С. Рэйли, Л. Урвик, М. Вэбэр нарын хүмүүс юм.
Сонгодог онол ёсоор байгууллагыг бүхлээр нь удирдлагын зүгээс үр дүнтэй хянаснаар тухайн байгууллага амжилт олохын үндэс тавигдана гэж үздэг. Зохион байгуулалтын зарчим, зохион байгуулалтын бүтцийн хэмжүүр, удирдлагын хатуу чанд байдал, эрх, үүргийн хариуцлага сайтар боловсруулагдсан, төлөөлөл зэрэг нь байгууллагын сонгодог онолын үндсэн санаа юм.
Байгууллагын сонгодог онолын хөгжилд Германы социологич М. Вэбэр бюрократийн онолоороо томоохон нөлөө үзүүлсэн. Гэсэн ч энэ онолыг Мичиганы Их Сургуулийн профессор Рэнсис Лайкэрт байгууллагын үр ашгийг тэглэх онол хэмээн нэрлэж шүүмжилсэн байдаг.
БАЙГУУЛЛАГЫН СОНГОДОГ БУС ОНОЛ
Сонгодог бус онол нь байгууллагын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох ажилтанд голлон анхаардагаараа онцлогтой.  Байгууллага гэдэг нь өөр хоорондоо эрх, үүргийн харилцан хамааралд орших хүмүүсийн үйл байдлын нийлбэр цогц юм.
Байгууллагын удирдлагын арга барил, гадаад орчин байнга өөрчлөгддөг. Үүнийгээ дагаад маш их эрсдэл бий болдог байна.
Ажилчдыг ажлын байран дээр нь сэдэлжүүлэх, ажиллах урам зоригийг өдөөх, хамт олны доторх харилцааны уур амьсгалыг залж чиглүүлэх, хошуучлан манлайлах, удирдлагын үйл явцад ажилчдыг оролцуулах, эрх олгох, үүрэг хүлээлгэх замаар байгууллагыг үр дүнтэй удирдаж болно гэж энэ онолын төлөөлөгчид үздэг. Гол төлөөлөгч Хэрбэрт Саймон болно.
БАЙГУУЛЛАГЫН СИСТЕМИЙН ОНОЛ
Байгууллагын системийн онол нь тодорхойгүй, эрсдэлтэй орчинд байгууллага хэрхэн үр дүнтэй ажиллах вэ гэдэгт голлон анхаардаг. Ингэхдээ дараах зүйлийг гол болгодог. Үүнд:
·         Байгууллагад ажиллаж буй бүх ажилтны эрх ашгийг боломжит хэмжээгээр тусгасан шийдвэр гаргадаг байх:
·         Удирдлагын шийдвэр гаргах үйл явц нэг төвөөс хамааралтай байх:
·         Бүхэл нэгэн тогтолцоо болох байгууллагын дотоодод мэдээллийн чөлөөтэй урсгалыг бий болгох:
·         Байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг байх:
·          Гадаад, дотоод орчны тодорхой бус, эрсдэлтэй байдлыг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаандаа тусгах зэрэг зүйлс багтана.
Хамгийн гол нь байгууллагын төвөөс гарч буй шийдвэр нэн чухал гэж үздэг. Гол төлөөлөгчид нь Т. Парсонс, Уилфэлд Браун, Эллиот Жэквэсс нар болно.
БАЙГУУЛЛАГЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ОНОЛ
Аливаа байгууллага амжилттай ажиллахын жинхэнэ шалтгаан нь гадаад, дотоод нөхцөл байдлаас шууд хамаарна. Үүнээс үүдээд байгууллага тодорхой нэг зорилгод хэт шүтсэн байдлаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулж болохгүй. Мөн удирдлагын арга барил ч  нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж байдаг. Тиймээс асуудлын хамгийн зөв гаргалгаа нь байгууллага шинийг санаачлагч, дасан зохицох дээд зэргийн шинж чанартай байхад оршино. Гол төлөөлөгч Игорь Ансофф болно.
БАЙГУУЛЛАГЫН НЕОМОДЕРНИСТ ОНОЛ
Неомодернист онолоор байгууллага гэдэг нь харьцангуй бие даасан ажилтнуудын холбоо юм. Эрх олгох, үүрэг хүлээлгэх асуудал ямагт хувь ажилтны шинжтэй байдаг. Ажилтнууд ажлын тодорхой шаардлагадаа нийцүүлж хамтран ажиллах, шийдвэр гаргахад хамт олон болж оролцдог. Гэхдээ энэ хамт олон түр зуурын шинжтэй гэдгийг сайтар санах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл түр зуурын холбоо үүсээд эргээд сарнидаг гэсэн үг юм. Байгууллагад зохион байгуулалтын тодорхой бүтэц байх ёсгүй. Удирдлагын төвлөрсөн арга барил байгууллагад хэрэггүй. Харин байгууллагын удирдлагын зүгээс нийт ажилтнуудын ажлын уялдааг хангах зохицуулалтын чиг үүрэг юу юунаас илүү сайн гадан хэрэгжүүлдэг байх ёстой. Гол төлөөлөгч Дуглас Норт юм.
СҮҮЛИЙН ҮЕИЙН ОНОЛЫН ХАНДЛАГУУД
XXI зууны эхэн үеэс байгууллага, түүний мөн чанарын тухай дараах үзэл хандлагууд бий болж хөгжих болсон. Үүнд:
·         Реинжинирг буюу байгууллагын мэдээлэл, технологийн үндсийг сууриар нь өөрчлөх онол:
·         Корпорацийн дотоод зах зээлийн үзэл баримтлал:
·         Альяанс буюу холбоолсон байгууллагуудын үзэл баримтлал:
·         Экологийн баримжаатай удирдлагын үзэл баримтлал:

·         Сүлжээ байгууллагын үзэл баримтлал:

No comments:

Post a Comment