Эхний удаагийн лекцийн хүрээнд бид бүхэн байгууллага гэж юу болох,
байгууллагын талаар ямар ямар онолын хандлага байдгийг цухас авч үзсэн болно. Энэ
удаагийн лекцийн сэдэв байгууллагын орчны тухай асуудалд төвлөрөх болно. Байгууллагын
сэтгэл зүйд байгууллагын зохион байгуулалтын үр ашигтай байдалд сэтгэл зүйн
хүчин зүйл хэрхэн нөлөөлдөгийг судлах явдал туйлын чухлаар тавигддаг.
Байгууллагын зохион байгуулалтын үр ашигтай байдлыг хувь ажилтны, хамт олны, байгууллагын гэх гурван төвшинд авч үздэг. Байгууллагын төвшинд их төлөв үйлдвэрийн
газрын хамт олон, бүлэг, тусгаар хүмүүсийн хоорондын харилцааг хөндсөн
байгууллагын дотоод орчны хүчин зүйлийг голчлон шинжилдэг байна.
Байгууллагын дотоод орчны чухал шинж нь зохион байгуулалтын бүтэц юм.
Зохион байгуулалтын бүтэц гэж юуг хэлэх тухайд судлаачид харилцан адилгүй
саналыг дэвшүүлдэг. Зарим талаар зохион байгуулалтын бүтэц, байгууллагын бүтэц
адил утгатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн санаа цухалздаг. Өөрөөр хэлбэл, байгууллагын бүтэц нь мөн
чанартаа байгууллагын удирдлагын бүтэц юм гэх санаа ч байдаг. Зарим нэг
судлаачид удирдлагын бүтэц, байгууллагын бүтэц, зохион байгуулалтын бүтцийг
адил утгатай гэж үздэг. Байгууллагын бүтэц гэдэг нь байгууллагыг бүрдүүлэгч
олон тооны элементийн бүрдэл бол удирдлагын бүтэц гэдэг нь тэдгээрийг холбогч
харилцаа холбооны тогтолцоо юм.
Нээлттэй тогтолцоо болох байгууллагын шинж
Байгууллагын гадаад орчин
Аливаа байгууллагын чухал шинж нь түүний гадаад орчинтой хэрхэн харилцаж
байгаа асуудал юм. Нээлттэй тогтолцоо болохын хувьд байгууллага нь өөрийн нөөц,
хүн хүч, эрчим хүч, хэрэглэгч, хүмүүс, хэм хэмжээг үр дүнтэй захиран зарцуулах
шаардлагатай. Байгууллага үр дүнтэй ажиллаж, өөрийн зорилго, зорилтод хүрч үйл
ажиллагааны үр дүнтэй байдлаа хадгалж үлдэхийн тулд орчиндоо дасан зохицох
шаардлагатай.
Гадаад орчин гэдэг нь хэрэгтэй хэмжээгээр байгууллагын боломжийг тэтгэхэд
шаардлагатай нөөцийг тухайн байгууллагад өгч байдаг чухал суваг юм. Өөрөөр
хэлбэл, байгууллага гадаад орчинтой холбогдох замаар өөрт шаардлагатай нөөцөөр
тэжээгдэж байдаг. Гэхдээ гадаад орчны нөөц хязгааргүй шинжтэй биш юм. Үүний
зэрэгцээ гадаад орчны тэрхүү нөөцийг олж авахын төлөө олон байгууллагууд өөр
хоорондоо өрсөлдөж байдаг. Эндээс харахад гадаад орчны нөөцийг авч чадахгүй
байх нөхцөл оршин тогтнох хугацаанд байгууллагыг байнга дагалдаж байдаг. Гадаад
орчноос олж авах нөөцийн сувгаа алдсанаар байгууллага боломжоо алдаж, зарим
талаар таагүй үр дүнд хүрч болдог. Байгууллага гадаад орчинтойгоо харилцах
замаар зорилгодоо хүрэхэд шаардлагатай нөөцийг олж авч, удаан хугацааны туршид
оршин тогтнох бололцоотой болдог байна.
Байгууллагын ашиглах үндсэн нөөц нь хүн хүч, хөрөнгө, материал,
технологи, мэдээлэл юм. Эдгээр нөөцийг хувирган өөрчлөх үйл явц үйлдвэр, аж
ахуйн газарт төдийгүй үйлчилгээ, арилжааны байгууллагад хүртэл өрнөдөг.
Тухайлбал, «Эппл», «Ай Би Эм» пүүсүүд нэмүү өртөг шингэсэн компьютер зах зээлд
үйлдвэрлэн гаргахын тулд банк болон хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг технологи
худалдан авах, ажилтнаа цалинжуулах, хэрэгтэй эд анги авахад зарцуулах
жишээтэй. Шаардлагатай нөөцийн хувирган өөрчлөх дээрх үйл явцын үе шат бүхэнд
зохицуулалт, харилцаа холбооны зорилгоор мэдээллийн нөөц байнга ашиглагдаж
байдаг. Зах зээлийн талаарх судалгаа нь «Эппл», «Ай Би Эм» пүүст ямар бүтээгдэхүүн
эрэлт хэрэгцээтэй байгааг тодлох бололцоо олгодог байна.
Байгууллагын ажилчидтай харилцах замаар дээрх зорилтыг үр дүнтэй
хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээллийг олж авдаг. Зорилго, зорилтыг хэрэгжүүлэх
үйл ажиллагааны цараа, хэмжээ нь компани хүссэн үр дүнгээ хэрхэн олж авч
байгааг харуулдаг байна.
Гадаад орчны дараах нийтлэг шинжийг гаргаж болох байна. Үүнд:
·
Гадаад орчны хүчин
зүйлс харилцан уялдаатай байх – нэг хүчин
зүйлийн өөрчлөлт бусад хүчин зүйлсийн өөрчлөлтийг нөхцөлдүүлэх хүчний төвшин.
Хүрээлэн буй орчны ямар нэгэн хүчин зүйл өөрчлөгдөхөд бусад хүчин зүйлсэд
өөрчлөлт бий болно:
·
Хувьсан өөрчлөгдөх
шинж – байгууллагын орчны өөрчлөлтө нь байгууллагын
доторх өөрчлөлтийн үндэс болох ёстой. Байгууллагын хүрээлэн буй орчин байнга
хувьсан өөрчлөгдөж байдаг. Нөлөөлөл нь байгууллагын үйл ажиллагаанд харилцан
адилгүй тусгал үзүүлэх тал байна. Ийм нөхцөлд байгууллага шийдвэр гаргахдаа
олон талын мэдээллийн урсгалд тулгуурладаг байх нь туйлын чухал юм:
·
Гадаад орчны тодорхой
бус байдал – байгууллагын орчны талаар
мэдээллийн тоо, тэдгээр мэдээллийн найдвартай байдал хоорондын ялгаварт төвшин.
Гадаад орчин хэдий чинээ тодорхой бус байна, шийдвэр гаргахад төдий чинээ
хүндрэл учирдаг:
Гэхдээ нөлөөллийн
төвшингөөр нь шууд болон шууд бус нөлөөллийн тухай ярьж болох байна.
Байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх хүчин зүйлсийг шууд нөлөөллийн
орчин гэж нэрлэдэг. Эдгээрт ханган нийлүүлэгчид, хувьцаа эзэмшигчид, хүн хүчний
нөөц, хууль дүрэм, төрийн зохицуулалтын байгууллага, үйлдвэрчний эвлэл,
хэрэглэгч, өрсөлдөгчдийг хамруулан ойлгож болох юм.
Байгууллагад шууд нөлөөлөл үзүүлдэггүй хэрнээ үйл ажиллагаатай нь ямар
нэгэн байдлаар холбогдох хүчин зүйлийн нийлбэр цогцыг шууд бус нөлөөллийн орчин
гэж нэрлэдэг. Улс орны эдийн засгийн байдал, шинжлэх ухаан, технологийн дэвшил,
нийгэм-соёл, улс төрийн шинжтэй өөрчлөлт, ашиг сонирхлын бүлгүүдийн нөлөөлөл,
бусад орнуудад үүсч буй үйл явдал зэргийг багтаан ойлгож болох байна.
Гадаад орчны шинжилгээ нь тодорхой пүүс, компаны зүгээс үүссэн нөхцөл байдалд
хэрхэн ажиллахыг заасан стратеги төлөвлөгөө боловсруулах замаар пүүс, компанид
учирч болох аюул, боломжийг тодорхойлох нарийн төвөгтэй үйл явц юм. Гадаад
орчны шинжилгээ нь чухал үр дүн олж авах боломж олгодог. Гадаад орчны шинжилгээ
хийснээр байгууллага боломжит аюул нүүрлэсэн үед ямар стратеги хэрэглэж түүнийг
гэтлэн давах, аюулыг хэрхэн боломж болгон хувиргах, боломжийг хэрхэн бий болгох
тухайд цаг хугацааны таатай нөхцөлийг үүсгэдэг байна.
Байгууллагын өмнө тулгарч буй аюулыг гэтлэн давж, стратеги төлөвлөлтийн
үйл явц дахь гадаад орчны шинжилгээг хийхийн урьд дараах гурван асуултад
хариулт олох шаардлагатай болдог. Үүнд:
·
Байгууллага одоо ямар байдалд байна
вэ?
·
Байгууллагын удирдлага үйл
ажиллагааны алс хэтээ хэрхэн харж байна вэ?
·
Байгууллагын өнөөгийн болон
удирдлагын зүгээс хүсч буй байдалд ямар зүйл хийх шаардлагатай вэ?
Гадаад орчны хүчин зүйлийг дараах байдлаар бүлэглэн ангилдаг. Эдгээрт:
1. Эдийн засгийн хүчин
зүйл. Эдийн засгийн байдал байгууллагын үйл ажиллагаа,
зорилго, зорилтод байнга нөлөөлөх учир эдийн засгийн хүрээлэн буй орчны
шинжилгээг байгууллагын зүгээс хийх шаардлагатай болдог. Инфляци, дифляцийн
төвшин, ажилгүйдэл, гадаад худалдааны тэнцэл, эдийн засгийн өсөл, бууралт
зэргийг нэрлэж болно. Эдгээр нь байгууллагын хувьд нэг бол өсч хөгжих шинэ
боломж, эсвэл аюул заналхийлэл болж байдаг.
2. Улс төрийн хүчин зүйл. Байгууллага улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй
оролцох нь тухайн байгууллагын хувьд төрийн бодлого туйлын чухал болохыг илтгэн
харуулж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн эрх мэдэл нь байгууллагын үйл
ажиллагаанд шууд нөлөөлөх төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны
байгууллагын зүгээс гаргах тушаал, шийдвэр, журмыг боловсруулахад онцгой ач
холбогдолтой байдаг.
3. Зах зээлийн хүчин зүйл. Зах зээлийн орчин байгууллагын хувьд байнгын аюул
үүсгэж байдаг. Байгууллагын амжилт, уналтад нөлөөлөгч хүчин зүйлд хүн амын
орлогын хуваарилалт, эдийн засаг дахь өрсөлдөөний төвшин, хүн ам зүйн өөрчлөлт,
зах зээлд нэвтрэх боломж зэргийг багтаан ойлгодог.
4. Техник технологийн хүчин зүйл. Үйлдвэрлэлийн техник, үйлдвэрсэн
бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаа зэрэгт
технологийн хүчин зүйл онцгой нөлөөтэй. Байгууллагыг дампуурал руу хөтлөх
«ирээдүйн шок»-т орчихгүйн тулд байгууллагын удирдлага технологийн өөрчлөлтөд
анхаарал хандуулахаас өөр аргагүй юм.
5. Өрсөлдөөний хүчин зүйл. Ямар ч байгууллага өрсөлдөгчдийнхөө үйл ажиллагааг
судлаж байх шаардлагатай байдаг. Өрсөлдөгчдийнхөө өнөөгийн байдалд дүн
шинжилгээ хийж, ирээдүйд хүрэх зорилго, түүнд хүрэх үйл ажиллагааны эрэмбэ буюу
стратегид анхаарал хандуулах, хүчтэй болон сул талыг нь тодлох зэрэг
байгууллагын хувьд онцгой чухал юм.
6. Нийгмийн
зан үйлийн хүчин зүйл. Үүнд нийгмийн хүлээлэлт, ёс зүй, хувьсан өөрчлөгдөж буй харилцаа (үйлдвэр эрхлэгчдийн үүрэг, нийгэм
дэх эмэгтэйчүүдийн үүрэг, үндэсний цөөнх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах
хөдөлгөөн) зэргийг багтаан ойлгож болно.
7. Олон
улсын хүчин зүйл. Олон улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагын
удирдлага энэ өргөн хүрээтэй орчин дахь өөрчлөлтийн талаар байнгын мэдээлэлтэй
байж, тэрхүү мэдээллийн урсгалдаа шинжилгээ хийж байх шаардлагатай болдог.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд гадаад
орчны шинжилгээ нь байгууллагын хувьд ирээдүйд учирч болох аюул, боломжийг
судлах өргөн бололцоог нээн өгдөг байна. Удирдлагын зүгээс байгууллагын
стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд гадаад орчны талаар бүрэн мэдээлэлтэй
байх шаардлага үүсдэг.
Байгууллагын
дотоод орчин
Байгууллагын дотоод орчин
байгууллагын оршин тогтнох хүчний эх сурвалж билээ. Өөрөөр хэлбэл, орон зай,
цаг хугацааны тодорхой хэмжүүрт өсч, хөгжих боломжийг байгууллагад олгодог
гэсэн үг юм. Гэхдээ байгууллагын үр дүнтэй, хэвийн үйл ажиллагааг хангахгүй бол
дотоод орчин зарим тохиолдолд байгууллагын уналт, доройтлын эх сурвалж болох ч
үе байна [3, 22].
Дотоод орчны шинжилгээ нь өрсөлдөөнт
тэмцлийн явцад өмнөө тавьсан зорилго, зорилтоо үр дүнтэй хүрэх дотоод боломж,
нөөцийг тодорхойлж өгдөг. Дотоод орчны шинжилгээ нь байгууллагын зорилго,
зорилт, уялдаа холбоог нийцтэй тайлах боломжийг олгодог. Бараа бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхээс гадна байгууллага ажилтан, албан хаагчдынхаа
амьдрах боломжийг хангах, нийгмийн орчин, нөхцөлийг таатай болгох үүрэгтэй.
Байгууллагын хувьд дотоод өөрчлөлт
дараах хэлбэрээр явагдана. Үүнд:
·
Зорилго - хүн буюу байгууллагын хүрэхийг эрмэлзэж буй хүссэн үр дүн (Ажрилжааны байгууллагын хувьд бараа
эргэлтийн хэмжээг өсгөх, түүхий эдийн шинэ суваг нээх, зах зээл дээр эзлэх хувь
хэмжээгээ өсгөх, хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн дүр төрх бүрдүүлэх гэх мэт нь
зорилго байж болно):
·
Зорилт – тогтоосон хугацаанд тогтоосон арга замаар хүрэх ажил үүргийн
бүрэлдэхүүн хэсэг буюу ажлын эрэмбэ болно:
·
Технологи – хүн хүч, эд материал, мэдээлэл зэргийг эцсийн үр дүн болгон
хувирган өөрчлөх өөрчлөн хувиргах арга хэрэгсэл:
·
Бүтэц – байгууллагын зорилго зорилтод үр дүнтэй хүрэх хэлбэрээр зохион
байгуулалтад орсон удирдлага, чиг үүргийн нэгж хэсгүүдийн харилцаа холбоо:
Зохион байгуулалтын бүрдэл нь нэгж, удирдлага, хэлтэс болно. Байгууллагын бүтцийн зохион байгуулалт нь үйл
ажиллагаа нь нийтлэг зорилгод хүрэхэд чиглэгдсэн хүмүүсийн бүлэг, хамтлаг
болно:
·
Хүн хүч – байгууллагын ажилтан албан хаагчдийн бүтэц (1930-1940-өөд оны менежментийн сонгодог
төлөөлөгч Честер Бэрнардын тодорхойлсоноор, байгууллага гэдэг нь нийтлэг
зорилго, зорилтын төлөө үйл ажиллагаа нь зохион байгуулагдаж зохицуулагдах
хүмүүсийн хамтлаг болно).
Дотоод орчны шинжилгээ дараах
чиглэлээр хийгддэг байна. Үүнд:
• үйлдвэрлэл: үйлдвэрлэлийн хэмжээ, бүтэц: үйлдвэрийн
бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эдийн ханган
нийлүүлэлт, тэдгээрийн ашиглалт, нөөцийн хяналтын тогтолцоо: техникийн үр
ашгийн хүчин чадал, нөөц ашиглалт: үйлдвэрийн газрын байршил, дэд бүтцийн
орчин: үйлдвэрлэлийн экологи: чанар, технологийн хяналт, патент, худалдааны
тэмдэгт гэх мэт:
• хүний нөөц: ажилтны тоон бүтэц,
мэргэшсэн байдал, боломж, бүрэлдэхүүн, хөдөлмөрийн бүтээмж, боловсон хүчний
чанар, ажиллах хүчний өртөг, ажилтны сонирхол, хэрэгцээ:
• удирдлагын зохион байгуулалт: байгууллагын бүтэц:
удирдлагын тогтолцоо: менежментийн төвшин, удирдлагын мэргэшсэн байдал, чадвар,
сонирхол, пүүсийн соёл, пүүсийн нэр хүнд, дүр төрх, харилцаа холбооны
тогтолцооны зохион байгуулалт:
• мapкeтинг: пүүсийн үйлдвэрлэж буй
бараа, бүтээгдэхүүн, зах зээл дээрх нийлүүлэлтийн хувь хэмжээ: зах зээлийн
талаар шаардлагатай мэдээлэл цуглуулах боломж: түүхий эд, хуваарилалтын суваг:
маркетингийн төсөв, хэрэгжилт: маркетингийн хөтөлбөр, төлөвлөгөө: инноваци:
бараа бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, дүр төрх: түүхий эдийн бэлтгэн
нийлүүлэлт: зар сурталчилгаа: үнэ бүрдэх үйл явц зэрэг болно (Реньш, 2009, хуудсд.
22-28)
.
Эх сурвалж
Реньш, М. (2009). Организационная психология: Учебное
пособие . Екатеринбург: Изд-во ГОУ ВПО «Рос. гос. проф.-пед. ун-т».
No comments:
Post a Comment