Байгууллагын орчинд стратеги
төлөвлөлт хийх нь зах зээл дээрх эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдалтай
холбоотойгоор чухалчлагдах болсон. Стратеги төлөвлөлт гэдэг нь зорилго,
зорилтдоо хүрэхийн тулд байгууллага өөрийн үйл ажиллагааг эрэмбэлэх, төлөвлөх
үйл явцыг хэлнэ. Стратеги төлөвлөлт нь урт хугацааны шинж чанартай бөгөөд
байгууллагын нөөцийг үр дүнтэй захиран зарцуулах боломж олгодог байна.
Байгууллагын хүрээн дэх стратеги
төлөвлөлтийг дараах таван үе шаттайгаар хэрэгжүүлдэг байна. Үүнд:
1. Байгууллагын зорилго, зорилт, үйл ажиллагааны
хүрээг тодорхойлох
2. SWOT шинжилгээ
3. Стратеги сонгож боловсруулах
4. Сонгосон стратегиа хэрэгжүүлэх
5. Хэрэгжилтэд хяналт тавьж үнэлэх зэрэг болно.
Байгууллагын нийцтэй зорилго нь
тодорхой цаг хугацаанд хэрэгжих, хэмжигдэхүйц, бусад байгуулллагын зорилготой
үл зөрчилдөх, хянагдахуйц, хүрч болохуйц байна. Зорилго нь санхүүгийн, тактикийн,
үйлдвэрлэлийн гэх мэт олон төрөлтэй байж болдог.
Байгууллагын зорилго нь тухайн
байгууллагын гадаад, дотоод орчны үнэлгээ, шинжилгээн дээр суурилдаг. Гадны орчны
шинжилгээ гэдэг нь байгууллагын зах зээл дээрх боломж, аюулыг судална гэсэн үг
юм. Аюул, боломж гэдэгт эдийн засаг, техник технологи, улс төрийн бодлого,
нийгмийн зан үйл гэх мэт зүйлс ордог байна. Гадаад орчны үнэлгээ, шинжилгээ
хийснээр байгууллагын хувьд үүсч болох гадаад аюул, боломжийг тооцоолох нөхцөл
бүрддэг байна. Үүний дараа байгууллагын давуу болон сул талыг үнэлэх
шаардлагатай болно. Дотоод орчны шинжилгээ нь дотоод асуудлаа оношлох үйл явц
юм. Гадаад боломжоо ашиглахын тулд байгууллага дотоод нөөцөө хэрхэн үр дүнтэй
захиран зарцуулах, гадаад аюулыг үүсгэж болох сул талаа хэрхэн далдлах зэрэг
асуудлыг судална гэсэн үг юм. Хүчтэй болон сул талаа тодорхойлно гэдэг нь
байгууллага өөрийн хувьд чиг үүргийн бүс буюу байгууллагын маркетинг, санхүү,
үйл ажиллагаа, хүний нөөц, дүр төрх, соёлоо авч үзнэ гэсэн үг юм. Гадаад,
дотоод орчныг шинжлэхэд SWOT шинжилгээ
хийх шаардлагатай болдог. Хүчтэй болон сул талыг тодорхойлох, гадаад орчин дахь
боломж, аюулыг тодорхойлох явдал юм. Матрицаа гаргаж, хүчин зүйлээ тодорхойлон
стратеги хөгжлийн чиглэлийг илэрхийлэх боломж, давуу талаа хэрхэн хослуулах,
стратеги саад буюу сул тал, аюулаа хэрхэн гэтлэх тухай зураглал бий болгоход
оршино.
Стратеги гэдэг нь зохион
байгуулалтын бүтцийг байгууллагын зорилгод хүрэх үйл явцад нийцүүлж өөрчлөх,
төгөлдөржүүлэх, хөгжүүлэх үйл явц, аргыг хэлнэ. Үйл ажиллагааны тодорхой
онцлогоос хамааран байгууллагын стратеги янз бүр байна. Тухайлбал, хорогдуулах
стратегийн зэрэгцээ өсгөх стратеги тэрчлэн холимог стратеги гэж байна. Байгууллагын
өрсөлдөх чадвар, хөгжлийн хэтийн төлөв, боломжийг тооцох үзэх нь байгууллагын
хувьд чухал юм. Сонгосон стратегиа хэрэгжүүлэх нь байгууллагын төлөвлөлтөд
онцгой чухал ач холбогдолтой. Стратеги төлөвлөлт амжилттай хэрэгжихэд дараах
зүйлд анхаарах шаардлагатай гэж үздэг. Үүнд:
1. Байгууллагын алсын хараастратеги,
төлөвлөгөөг энгийн ажилчид зөв ойлгосон байх:
2. Шаардлагатай бүх нөөцөөр байгууллагыг
хангах:
3. Бодлого, тактик, үйл явц, дүрэм журмыг
боловсруулах:
4. Стратеги, сэдэлжүүлэлтийн уян хатан
тогтолцоо бүрдүүлэх:
5. Стратегиа дэмжсэн хамтач соёлыг бий
болгох:
6. Удирдлагын түвшин бүр зорилтоо шийдвэрлэж,
өөрт оногдсон чиг үүргээ хэрэгжүүлэх зэрэг болно.
Сонгосон стратегиа хэрэгжүүлсний үр
дүнд байгууллага зорилго, зорилтдоо хүрдэг байна. Эргэх холбооны
туслалцаатайгаар байгууллагын үйл ажиллагааг хянах бололцоотой. Стратеги
төлөвлөлт хийхдээ дараах зүйлсэд анхаарал хандуулах шаардлагатай. Эдгээрт:
Стратегийг дээд удирдлагын зүгээс
боловсруулах:
Стратеги төлөвлөлт нь цуглуулсан
мэдээлэл дээр суурилсан байх:
Стратеги төлөвлөлтийг өөрчлөгдөж
болохуйцаар зохион явуулах:
Стратеги төлөвлөлттэй холбоотойгоор
үүсэх зардал байгууллагын хүрсэн үр дүнгээс доогуур байх зэрэг болно.
Стратеги төлөвлөлтийн үзэл баримтлал
нь байгууллага хувьсан өөрчлөгдөж буй орчинд хурдан дасан зохицох, орчин үежих
боломжтой байхад оршино.