Tuesday, May 1, 2018

БАЙГУУЛЛАГА ДАХЬ ӨӨРЧЛӨЛТИЙН ХЭВ ШИНЖ


Байгууллагын сэтгэл зүйн хүрээнд яригдах томоохон сэдвийн нэг нь байгууллага дахь хөгжил, өөрчлөлтийн хэв шинжийн тухай асуудал юм. Учир нь ямар хэв шинжийн өөрчлөлт бий болсоноос үүдэн байгууллагын үйл ажиллагааны үр дүн хамаарч байдаг. Ингэхэд байгууллага дахь өөрчлөлт гэж юуг хэлэх вэ?
Байгууллага дахь өөрчлөлт гэдэг нь тодорхой байгууллагын зүгээс зан үйлийн загвар юм уу шинэ үзэл санааг эзэмших, нутагшуулах үйл явцыг хэлнэ. Байгууллагын үйл ажиллагаа нь дотоод, гадаад орчны хамаарал, харилцан нөлөөллөөр сэдэгдэж бий болох өөрчлөлтийн үйл явц дээр тулгуурладаг. Өөрчлөлтийн үйл явцыг үр дүнтэй удирдах нь байгууллага, түүний удирдлагад хамаарал бүхий урт хугацааны, зорилго чиглэлтэй үйл ажиллагаа болно. Өөрчлөлт байгууллагын хувьд зорилго болох ёсгүй бөгөөд байнга, тасралтгүй хийгдэж байх зүй тогтолтой байдаг.
Байгууллагын хувьд өөрчлөлт янз бүрийн хэлбэрээр явагдаж байдаг. үүнтэй зэрэгцээд байгууллагын бүтэц төвлөрсөн юм уу төвлөрсөн бус шинжтэй байдаг. Өөрийн хүчин чадалд тулгуурлах, зах зээл баримжаалах хэлбэрээр хөгжих байгууллага гэж байхад нэгдэн нийлэх юм уу ажилтаа багасгах замаар зорилго, зорилт, түүнд хүрэх арга хэрэгслээ дахин төлөвлөж хөгжих байгууллага гэж байдаг. товчоор хэлэхэд томоохон хэмжээний ул суурьтай өөрчлөлт хийх бус, харин юуг, хэрхэн яаж, хэзээ хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхойлох нь туйлын чухал байдаг.
Байгууллага дахь өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүч тухайн байгууллагын дотроос юм уу гаднаас байх тохиолдол байна. Хэрэглэгчид, өрсөлдөгч байгууллага, техник технологи, улсын эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг нь байгууллагын хувьд гадаад өдөөгч хүчин зүйл юм. Харин байгууллагын өөрийнх нь үйл ажиллагаа, түүний шийдвэр гаргах үйл явцаас хамаарсан зүйл нь байгууллагын дотор өдөөгч хүчин зүйл болно. Тухайлбал байгууллагын удирдлагын зүгээс өсөлтийн стратегийг дахин боловсруулж, улмаар байгууллага тэр хүрээнд өөрийн зорилгоо дахин томьёолж үйл ажиллагаагаа өөрчилж болох жишээтэй. Тэрчлэн байгууллагын өөрчлөлтөд өдөөгч дотоод хүчин зүйлд ажилтан, үйлдвэрчний эвлэлийн шаардлага багтдаг байна. Өөрчлөлт дараах хүрээгээр хамарч болдог. Үүнд:
Үндсэн бүтэц: ажилчдын идэвх, санаачлага, шинж чанар, эрх зүйн бүтэц, өмч, санхүүжилтийн эх үүсвэр, олон улсын шинжтэй үйл ажиллагааны шинж зэргийг өөрчилж үр дүнд нэгдэн нийлэх, салж хуваагдах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагааны зорилго, зорилтоо дахин нягтлах зэрэг үйл явц өрнөдөг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний ассортимэнт өөрчлөгдөж шинэ зах зээл, үйлчлүүлэгч, түнш бий болно. Байгууллага өсч хөгжихийн тулд удирдлагын зүгээс зорилго, зорилтоо үечилсэн байдлаар өөрчилж нягталж байх шаардлагатай болдог.   
Техник технологи: тоног төхөөрөмж, материал, эрчим хүч, техникийн болон мэдээллийн үйл явц өөрчлөгдөнө.
Удирдлагын үйл явц, бүтэц: байгууллагын дотоод бүтэц, хөдөлмөрийн үйл ажиллагааны агуулга, шийдвэр гаргах үйл явц, мэдээллийн тогтолцоо өөрчлөгдөнө.
Бүтцийн өөрчлөлт: байгууллага дахь өөрчлөлтийн хамгийн өргөн тархсан хэлбэр болно. Стратеги, зорилгод томоохон өөрчлөлт оруулах шаардлага гарсан үед бүтцийн өөрчлөлт бодит үзэгдэл болдог.
Байгууллагын соёл: удирдлагын хэв маяг, албан бус харилцаа, сэдэлжүүлэлт, үйл явц, уламжлал, үнэт зүйл өөрчлөгдөнө. Байгууллагын соёлын өөрчлөх хамгийн өргөн дэлгэрсэн арга нь сургалт юм.
Хүчин хүчин зүйл: захирах, захирагдах ёс, эрх мэдлийн хуваарилалт, харилцаа, сэдэлжүүлэлт, зан үйл, хөдөлмөрийн бүтээмж өөрчлөгдөнө. Хэрэгцээ хангагдаагүйн айдаст автсан хүмүүсийн зан үйлд өөрчлөлт хийхэд нэлээд төвөгтэй байдаг. Хүмүүст бий болсон өөрчлөлтийг эрчимжүүлэхийн тулд бусад өөрчлөлттэй зэрэгцүүлэх шаардлагатай.
Байгууллагын үйл ажиллагааны үр ашиг: байгууллагын үйл ажиллагааны эдийн засаг, нийгэм, санхүүгийн байдал, ажил хэргийн түнш болон нийгмийн доторх байгууллагын нэр хүнд өөрчлөгдөнө.
Байгууллага ямагт тэнцвэржилтэд тэмүүлж байдаг. Тэнцвэржилт бий болсон тохиолдолд хувь хүн дасан зохицох боломжтой болдог. Өөрчлөлт шинэ зохицуулалт, шинэ тэнцвэржилтийг шаарддаг байна.
Байгууллага дахь өөрчлөлтийн дараах хэв шинж байх талаар судлаачид дурдсан байдаг.
Байгууллага дахь өөрчлөлтийн хэв шинж
Өөрчлөлтийн хэв шинжийн нэршил
Өөрчлөлтөд нөлөөлөгч хүчин зүйлийн байдал
Өөрчлөн байгуулалт
Байгууллагын соёлын бүх талыг хөндсөн суурь өөрчлөлт бий болно. Үйл ажиллагааны чиглэл, түүнийгээ дагаад бараа бүтээгдэхүүн, зах зээл дээрх байр суурь өөрчлөгдөнө.
Эрс өөрчлөлт
Байгууллага ул сууриар өөрчлөгдөхгүй. Гэвч бусад байгууллагатай нэгдэн нийлэх зэргээр эрс өөрчлөлт хийгдэнэ. Энэ тохиолдолд олон янзын соёл харилцан ижилсэж, шинэ бараа бүтээгдэхүүн, зах зээл бий болохын зэрэгцээ зохион байгуулалтын хүчтэй өөрчлөлт бий болно
Дунд түвшний өөрчлөлт
Шинэ бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах, түүнийгээ зах зээл нийлүүлэхтэй холбоотойгоор бий болох өөрчлөлтийг энд ойлгоно. Их төлөв үйлдвэрлэлийн үйл явц, маркетингийн хүрээнд мэдэгдэхүйц хувирал бий болно.
Ердийн өөрчлөлт
Үйлдвэрлэн гаргасан бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэх үйл ажиллагааг дэмжсэн маркетингийн хүрээний өөрчлөлтийг үүнд хамааруулан авч үздэг. Ихэнхдээ байгууллагын үйл ажиллагаанд бага нөлөө үзүүлдэг.
Хуурмаг өөрчлөлт
Байгууллага нэгдсэн стратегитай ажиллаж байгаа тохиолдолд ийм өөрчлөлт үүснэ. Стратеги хэрэгжүүлэхдээ туршлага дээр суурилж үйл ажиллагааны сайн үр дүн олж авахад чиглэгдэнэ. Гэхдээ байгууллагын гадаад орчинд ээлтэй өөрчлөлт бий болж чаддаггүй.
Өөрчлөлт их байхын хэрээр байгууллагын төвшинд эсэргүүцэл төдий чинээгээр бий болдог.
Байгууллага дахь өөрчлөлтийг эсэргүүцэхийн давуу талаар дурдах бас шаардлагатай. Эсэргүүцэл нь салбарын тодорхой асуудлыг тодорхойлох, менежерийг мэдээллээр хангах, ажилтанд өөрчлөлтийн мөн чанарыг ойлгох боломж олгодог байна.
Байгууллага дахь өөрчлөлтийг эсэргүүцэх үйл явцыг олон арга байдаг талаар дурдсан байна. Судлаач Ж. Коттэр, Л. Шлэзингэр нар өөрчлөлтийн эсэргүүцлийг мохоох мэдээлэл тарааж, харилцах, татан оролцуулж ашиглах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, хэлэлцэн зөвшилцөх, арга заль хэрэглэн дэвшүүлэх, тодорхой болон тодорхой бус аргаар албадах гэсэн арга байж болох талаар дурджээ.